Monday, September 21, 2009

Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойшхи Монгол улсын макро эдийн засгийн тойм

Монгол улс 1990 он хүртэл геополитикийн хувьд ЗХУ, түүнийг тойрон хүрээлсэн социалист эдийн засгийн хүрээний нэгэн хэсэг байсан бөгөөд олон улсын хөдөлмөрийн хуваарьт мал аж ахуйн гаралтай түүхий эд, зарим үндсэн ашигт малтмалын олборлолтоор төрөлжиж ирсэн билээ. Энэ үед бид нэг системийн орнууддаа асар их хөнгөлөлттэйгээр өөрийн баялгаа нийлүүлж байсан мөртөө мөн эргээд тэднээс байнгын тэтгэмж, тусламж зээлээр амьдарч байв. Ингээд энэхүү шударга бус арилжааны үр дагаварт бид ЗХУ-аас бүрэн хамааралтай дагуул нь болж байлаа. 1990 онд энэ тогтолцоо нурж, өрөөсгөл тогтолцооны гор 2000 он гартал монголыг нэрвэсэн бөгөөд сүүлийн жилүүдэд л төсвийн тэнцэл ашигтай гарч банк, санхүү, эдийн засгийн олон олон хямралуудыг дагуулсан шилжилтийн үе дууссан тухай ярих боллоо. Яг энэ үед дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнэ коньюнктурын тааламжтай үе эхэлсэн билээ.

Үүнээс хойш эдийн засгийн үзүүлэлт эерэг гарах болж, өөрийгөө тэтгэх болсноор олон чиглэлд бизнесүүд сэргэх болов. Хүмүүс харьцангуй мөнгөжиж, бэлэн мөнгө ихтэй хүмүүсийн давхарга бий болжээ. Энэ хугацаанд цалингийн доод хэмжээг ЗГ-аас 4 дахин өсгөж, элдэв тэтгэвэр, тэтгэмжүүд бий болгон, ард түмний худалдан авах чадвар сайжирсан. Энэ нь эргээд өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтэнд сайнаар нөлөөлсөн юм. Хүнсний бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл, жижиглэн, бөөний худалдаа өсч, мөн энэ хугацаанд банкны харилцагчид санхүүгийн хувьд чадавхижсан тул банкууд томорч, жижиглэнгийн зээлийг их хэмжээгээр олгох болов. Нийгэмд байсан банкинд үл итгэх айдас аажмаар арилав. Банкны актив өссөн, эдийн засаг тогтвортой байсан тул зээлийн хүү ч багасч ирлээ. Эдийн засгийн сэргэлт, хөрөнгө оруулалтын идэвхжил идэвхитэй нэмэгдсэн нь барилгын салбарын сэргэлтийг нөхцөлдүүллээ.

Олон улсын жишгийг даган хүмүүсийн зээлийн талаархи ойлголт нь эрүүл болж, түүнээс айх биш, түүнийг боломж гэж харах нь олон боллоо. Зах зээлийн жамаар Улаанбаатар хот 2000 оноос хойшхи сүүлийн жилүүдэд 2 дахин томорч, 1,5 сая хүнтэй болов. Эдийн засгийн өсөлт, эрэлтийг төмөр зам, дэд бүтэц хангаж чадахаа больсон. Эдийн засаг өсөх гээд байхад хэрэгтэй материалыг нийлүүлж чадахгүй байгаа тул эдийн засгийн өсөлт нь эргээд их зардалтай болж байна.

2007 оны дүнгээр манай дотоодын нийт бүтээгдэхүүн 3,3 тербум америк доллар хүрч, эдийн засгийн цэвэр өсөлт 8% байв. Гэхдээ далд эдийн засаг нь багцаагаар албан ёсны тоогоо 2-3 нугалсан их хэмжээтэй гэж үзэх нь ч бий.

Монгол улс бүтээсэн баялгийнхаа тэн хагас буюу 1,5 тербум долларыг алт, зэс, молибдений баялгаасаа олжээ. Хөрөнгийн зах зээлийн хөгжил одоо л жам ёсны голдрил руугаа орж буй бөгөөд хувьцаат компаниудын зах зээлийн хөрөнгө 620 сая доллар орчим байна (2007).

2008 оны эхний 5 сарын байдлаар инфляци 18,5 хувь гарсан нь ард иргэдийн амьдрал, улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ оны Монгол банкны мөнгөний талаар баримтлах бодлогын талаар Монгол банкны ерөнхийлөгч УИХ-д тайлагнахдаа инфляцийг нэг оронтой тоонд барихаа амлаж, мөнгөний хатуу бодлого баримталж, банкуудаас гарах мөнгөний нийлүүлэлтийг эрс багасгасан боловч дэлхий дахинд нефть, хүнсний бүтээгдэхүүн, үндсэн металууд гэх мэт түүхий эдүүдийн үнэ ханш урьд хожид байгаагүйгээр нэмэгдсэн, улсын төсвөөс түүхэнд рекорд тогтоохуйц их хэмжээний мөнгийг хөрөнгө оруулалтанд төсөвлөн зарцуулж байгаа болохоор инфляци бид бүхнийг нөмрөөд байгаа билээ. Ингээд инфляци, түүний эсрэг төв банкны хатуу бодлого хоёрт хавчигдсан арилжааны банкууд зээлийн хүүгээ эрс нэмэгдүүлсэн тул бизнесийн зээл, мортгейж, лизингийн хязгаарлагдмал боломж болон амьжиргааны өсөн нэмэгдэх өртөг хоёрын дунд бизнесүүд болон иргэдийн санхүүгийн чадавхид эргээд хүндрэл учруулж байна. Инфляци өссөн тул хүмүүс болон бизнесүүд зээлээ төлөхөд хүндрэл учрах болж, энэ нь банкуудын чанаргүй зээлийн багцийг өсгөх төлөвтэй байна.

Энэ бүгдээс зайлсхийх хамгийн бодитой шийдэл нь уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх явдал болоод байна. Ганц жишээ л дурьдахад 2009 оны сүүлээр Оюутолгой ашиглалтанд орсноор жил бүр бидэнд 3-4 тербум долларын нэмэлт орлогын эх үүсвэр орж ирнэ. 2012 он гэхэд ДНБ 3-аас илүү дахин өсөх тооцоотой байна. Үүний хэрэгцээг хангах гэж бизнес шинээр бий болж, нэмэгдэх тул эдийн засаг нийт дүнгээрээ үүнээс ч илүү өсөх боломжтой юм.

Энэ бүгдээс үзэхэд монголын эдийн засгийн ерөнхий үр дүн сайн байгаа мэт боловч энэ байдал ихээхэн хэврэг байгаа гэсэн гадаад, дотоодын судлаачдын дүгнэлттэй санал нэг байна. Цаашдын эдийн засгийн сайн сайхан байдлыг хадгалахын тулд бид улс төрийн хүрээн дэх мөнгө амлах явдлыг хазаарлаж, өртөг шинжсэн боловсруулах үйлдвэрлэл, стратегийн шинжтэй дэд бүтцийг түлхүү хөгжүүлж, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангахуйц тогтвортой, тууштай засаглалийг бүрдүүлж, төлөвшүүлэх хэрэгтэй байгаа юм.

No comments:

Post a Comment